title

Мэдээ, нийтлэл, сурвалжлага, ярилцлага...

Saturday, April 18, 2015

Туульс хайлах цаг

Монголын ард түмний оюун билэгийн дээж болсон уран зохиолын үнэт өв, тэр дундаас тууль энэ салбарт тэргүүн байр суурийг эзэлдэг. Манай улсын эрдэмтэн сэхээтэн, их бичгийн хүмүүсээс ардынхаа аялгуу сайхан монгол туулийг эрт дээр цагаас сурвалжлан тэмдэглэж, бичиг соёлын түүхнээ үлдээсэн нь цөөнгүй. Тэдний ийнхүү туурвин бүтээсэн соёлын үнэт дурсгал нь эртний монголын утга соёлын боловсрол маш өндөр байсны нэгэн баримт юм. Мөн энэ нь өвөг дээдсээс бидэнд үлдээсэн соёлын эрхэм нандин дурсгал, үнэт өв билээ. Тийм яруу гайхамшигт үлгэр туульсын нэг бол алдарт “ Жангарын тууль ” билээ.  Жангар нь хүн төрөлхтний сайн сайхан хүсэл мөрөөдлийн дуулал юм. Жангарын үлгэр анх ардын сэцэн билэгтэн нарын амаар дамжин боловсрогдож, улмаар монгол олон овогтний дунд түгээмэл дэлгэрчээ. Тэгэхдээ дан ганц амаар бус бичгийн хэлбэрээр ч нэгэн адил түгэн дэлгэрсэн байна. Жангарын тууль зохиогдсоор 500 гаруй жил болсон гэж Зөвлөлтийн эрдэмтэн Козин тодорхойлжээ. Жангарт Алтайн нуруу, Эрчис мөрөн, хүйтэн Ширэг, Төвд Тангад, Зуу, Хятад, Дөрвөн ойрд, Шарайгол зэрэг Азийн газар нутгийг
байн байн дурьдах боловч Халимагийн одоогийн газар нутаг Ижил мөрөн, Дон мөрөн ба тэр хавийн газар нутгийг огт дурьдсан зүйлгүй байдаг. Энэ бол Халимагчуудын Зүүн-Гар буюу Алтай эх нутгаас нүүж гарахын өмнө Жангарыг зохиосон гэсэн таамаглалтай холбоотой. Тэгээд Ойрдын Тогоон Тайши, Эсэн хааны үед арван тавдугаар зууны дундуур үед Жангарыг зохиогдсон гэж үздэг. Харин “ Гэсэрийн туульс ” анх 1716 онд модон бараар хэвлэгдсэн байна. Гэсэрийн тууж хэчнээн үлгэр домгийн чанартай, үнэн амьдралыг давуулсан фантастик зохиол боловч бүлэг бүрээс үнэн явдлын дүрслэлийг харж болно. Гэсэрийн туужийг монгол эх нутгийн туульч, үлгэрч гар үг үсгийн зөрөө үгүй олон бүлгийг дуулан хайлдаг байна.
  Жангарын туульд ард түмний аз жаргалтай сайхан амьдрах хүсэл мөрөөдлийг юуны өмнө тусгаж илэрхийлсэн байдаг. Жангар туулийн орон нутгийн байдлыг гарган бичихдээ:
 “ Үхэлгүй мөнх 
Үргэлж хорин таван насны дүрээр байдаг                                            
Өвөлгүй хаврын хэвээр                                                                                                               Зунгуй намрын хэвээр                                                                                      
  Даарах хүйтэнгүй   
 Халах халуунгүй          
 Сэр сэр хийсэн салхитай                                                                                                             Бур бур хийсэн хуртай бумбын сайхан орон билээ. ” хэмээн дүрсэлсэн байдаг.
 Утга зохиол судлаач С. Лувсанвандан “ Гэсэр, Жангар хоёр бол уран сэтгэмжийн илтгэх аргаар бичигдсэн тус бүрдээ өвөрмөц онцлогтой зохиолууд бөгөөд Грекийн Илиада, Одиссей, Энэтхэгийн Махабхарата, Францын Роландын дуулалтай дүйцэх алдартай бүтээлүүд юм. Гэсэр, Жангарын үзэл санаа, үндсэн агуулга нь сайн сайхан, муу муухайг үнэн зөв, худал бурууг ялж гэрэл гэгээ, үнэгэн харанхуйг гийгүүлэх хөдөлмөрчин ардын мөрөөдөл хүслэн юм. Тал газрын соргог цэцгийн сайхан үнэр анхилсан ардын яруу найраг Жангарын туульсийг их эрдэмтэн Владимирцов нүүдлийн амьдралын жинхэнэ яруу зургийг гаргасан ёстой монгол үндэсний яруу найраг гэж нэрлээд ард түмний оюун бодол, хүсэл эрмэлзлэлийг гайхамшигтай илэрхийлж тэр цагийн бодит байдал, үнэн амьдралыг туйлын эрмэлзэлд  өргөн үзүүлсэн зохиол гэж үзсэн юм ” гэсэн байдаг. Жангар туульсийн бүлгүүд эхлэхдээ бүгд ижил бөгөөд орон нутаг, баатрууд, тэдний найр зэргийг магтсан байдаг. Мөн бүлгүүд нь тус тусдаа биеэ даасан нэг явдал буюу дайныг өгүүлсэн байдаг. Гэвч Жангар баатруудтай нийлж, гаднаас халдаж ирсэн мангас дайснуудыг дарсан явдлыг үзүүлсэн нэг бүхэл зохиол юм. Жангарын туульсийн доторх хамгийн сайн сайхан дүр бол Хонгор баатар юм. Үнэнч шударга, зоригтой баатар Хонгорын тухай уран сайхан мөрүүд цөөнгүй бий. Догшин шар Гүргүүгийн бүлэгт, Хонгорын тухай Жангарын хэлсэн нь:                                                                         
  “ Үгүйрэхэд минь юм болдогХонгор билээ.                             
     Өнчрөхөд минь садан болдог Хонгор билээ.                                               
     Дайн ирэхэд шивээ болдог Хонгор билээ.                                                                   
     Дайвалзах цагт минь түшиг болдог Хонгор билээ.                                                                       Хэлэхэд минь хэл болдог Хонгор билээ.           
      Барь гэснийг барьдаг билээ.                                                             
     Баралзас гэсэндээ довтолдог билээ. ” гэж гардаг. Энэ нь Жангар тууль уран яруу шүлэглэсэн хэрнээ утга санааны хувьд гүн утгуудыг илэрхийлдэг болохын илрэл юм.
       Монголын нууц товчоог судалсан эрдэмтэн Ц. Дамдинсүрэн “ Монголын Гэсэрийн тууж   ( 2008 ) ” номны оршил хэсэгт “ Монголын нууц товчоо ”,   “ Жангарын туульс ”,                    “ Гэсэрийн туульс ” гурвыг монгол ардын хуучин уран зохиолын гурван оргил... ... зохиолуудын хооронд тодорхой бус боловч ямар нэгэн бүлэг холбоо байх шиг санагдаж байна. Жишээ нь Гэсэрийн туужийн V – р бүлэгт Шарайголын гурван хааны найман шарга морийг Цас чихэр булааж авсан байна. Энэ нь Монголын нууц товчоонд Тэмүжиний найман шарга морийг дээрэмчин булааж авсантай төсөөтэй шиг байна. Монгол Лин Гэсэрийн тууж буюу төвд хэлнээс орчуулсан Замлин Сэнчиний намтар гэдэг тууж 1959 онд Улаанбаатар хотод хэвлэгдсэн билээ. Энэ туужид Гэсэрийн Лин орны нэг муж нь Бумба нэртэй байдаг. Энэ Бумбын орны ноён нь Гэсэрийн ах Цас чихэр байжээ. Жангарын туульд болбол  Бумбын орныг Жангарын нутаг орон гэж магтан дуулдаг байсан билээ. Цас чихэрийн харъяат Бумба орон, Жангарын бумба орон хоёрт ямар нэгэн холбоо байж магадгүй. Гэсэрийн туужийн V – р бүлэгт Шарайголын гурван хаан Гэсэрийн Лин оронд халдан довтолж Рогмо гуа хатныг булаан авсан тухай өгүүлсэн байдаг билээ. Жангарын туульд мөн Шарайголын гурван хааны тухай өгүүлсэн байдаг. Үүнд бас ямар нэгэн холбоо байж магадгүй” хэмээн бичсэн байдаг. Мөн “ Монголын нууц товчоо ( 1940 ) ” – г орчин цагын монгол хэлээр хөрвүүлэн нийтлүүлэхдээ бичсэн удиртгалд тэмдэглэсэн нь: “ Орост 10 – р зууны үед зохиогдсон “ Игорийн хорооны үг ” хэмээх сайхан зохиол буй. Гүржид 12 – р зууны үед Шота Руставилийн зохиосон “ Барсын арьс нөмөрсөн баатар ” хэмээх шүлэглэсэн зохиол буй...Грект Илиада, Одессей хэмээх хэдэн мянган жилийн урьд зохиогдсон сайхан үлгэр буй...Тэрчлэн манай монгол үндэстний анхны түүх дурсгалын зохиол бол Монголын нууц товчоо хэмээх зохиол мөн болно. Нууц товчоог олон үндэстний эртний уран зохиолын бичгүүд лүгээ зэрэгцүүлэн талбиж жишээлэн хэлэлцэж болмой. ” гэжээ. Эдгээр гурван зохиол хоорондоо холбогдож нэг утга санааг үгүйлж байж магадгүй. Үүний учрыг мэдэрч ойлгохын тулд дурьдсан зохиолуудыг эхлэхээс дуустал шимтэн унших нь зүйтэй. Мөн түүнчлэн ардын үлгэрч, туульчдын хайлах туульсийг сонсох нь эртнээс бидэнд үлдээсэн уран зохиолын гайхамшигт соёлын өвийг үр хойчдоо түгээн дэлгэрүүлэх үндэс болно. Монгол туульсийн үнэт өв болсон “ Монголын нууц товчоо ”,   “ Жангарын туульс ”,  “ Гэсэрийн туульс ”  бүгд Цэндийн Дамдинсүрэн зохиолчын орчуулсан, шинэчилсэн, түүвэрлэсэн бүтээл учраас мөн Цэндийн Дамдинсүрэнгийн намтар түүх, авъас билэг болон бүтээлүүдийн судлан үзвэл зохимжтой.

2015.04.10


No comments:

Post a Comment