Хүн төрөлхтний
өнөөг хүртэл хийж бүтээсэн бүтээл туурвилуудаас хэзээ ч, хаана ч давтагдахгүй,
үргэлж шинэлэг, оюун билэгт хүч хайрлагч далдын шид мэт зүйл бол уран зохиол юм.
Бичигдэж хэвлэгдсэн байдлаараа бус, уншсан хүний оюун билэгт тусах ид шидээрээ
уран зохиол жинхэнэ үнэ цэнээ олдог. Уран зохиол роман, шүлэг, жүжиг, тууж,
өгүүллэг гэсэн таван үндсэн хэлбэртэй. Аливаа үндэстний цаг үеийн аль ч нөхцөлд уран зохиол нь тухайн
үеийн нийгэм соёл, аж байдлаас ангид байдаггүй, нягт холбоотой оршино. Уран
зохиол бол урлаг, уран бүтээл төдийгүй “ Үг ”-хэмээх амьд баялагаар дэлхий
дахиныг уяраагч гол түлхүүр юм. Үгээр хүнийг алж ч болно, амилуулж ч болно
гэдэг шиг үгээр бүтээгдэж буй уран зохиол уншигч хүнийг баярлах гуниглах аль ч
түвшинд хүргэж чаддаг. Суут сэтгэгч Г.Гегель “ Ард түмэн хамгийн үнэ цэнтэй
дотоод бясалгал, амьдралын тухай хамгийн эрхэм төсөөллүүдээ урлагын бүтээлд
шингээдэг тул улс үндэстний билиг оюуныг тайлах түлхүүр чухамхүү урлагт л
оршдог... Төрөлх хэлээр нь дамжин хүний оюун сэтгэхүйд нөлөөлдөг чанар бол
урлагын хамгийн онцгой шинж ” гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл тухайн улсын талаар мэдье гэвэл
уран зохиолыг нь л судлахад хангалттай. Ямар ч зохиол яруу найрагт улс
үндэстний аж байдал соёл иргэншил нэвт шингэсэн байдаг.
Жишээлбэл Цэрэндоржийн Цэдэнжав - ( 1913-1992) - ийн Миний нутаг найраглалын хэсэгт
Жишээлбэл Цэрэндоржийн Цэдэнжав - ( 1913-1992) - ийн Миний нутаг найраглалын хэсэгт
Цэлмэг залуу насныхаа гал дөлөөр бадарч
Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ
Чин сайхан амрагтаа хэлж үзээгүй мөртлөө
“ Чиний төлөө үхье ” гэж эх орондоо хэлдэг.. (1950 он)
Энэ шүлэг нь дайны цаг үед тухайн үеийн эрчүүд эх орныхоо төлөө хэрхэн зүтгэдэг байсан, эх оронч сэтгэлгээ нь ямар түвшинд байсан бэ гэдгийн илэхийлэл болдог. Мөн Донровийн Намдагийн “ Үрэгдсэнийг хүлээгч ” өгүүллэгт дайны үеийн нийгмийн байдал, улсын хөгжил болон Монгол аавын үрээ гэсэн сэтгэл ямар агуу байдгыг мэдэрч ойлгох боломжтой юм.
Энэ шүлэг нь дайны цаг үед тухайн үеийн эрчүүд эх орныхоо төлөө хэрхэн зүтгэдэг байсан, эх оронч сэтгэлгээ нь ямар түвшинд байсан бэ гэдгийн илэхийлэл болдог. Мөн Донровийн Намдагийн “ Үрэгдсэнийг хүлээгч ” өгүүллэгт дайны үеийн нийгмийн байдал, улсын хөгжил болон Монгол аавын үрээ гэсэн сэтгэл ямар агуу байдгыг мэдэрч ойлгох боломжтой юм.
Уран зохиолчид бүтээлээ туурвихдаа тухайн үеийн аж
байдлаас гадна өөрийн амьдралын үйл явдал, гуниг гутрал, жаргал зовлон бүгдийг
далд санаагаар дүрслэн үзүүлдэг. Хүнд хэцүү цаг үеийг даван туулахад урам хайрладаг
зүйл нь уран зохиол байсан төдийгүй энэ
нь бүтээлээс нь илт харагддаг. Тэд ихэвчлэн яруу найргаар дүрслэн үзүүлж, сэтгэлийн
тэрхүү өнгө аястай бүтээл нь уншигчдын дотоод ертөнцийн аль нэг эмзэг нууцлаг
өнгийг хөндөх чадвартай байдаг. Рэнчиний Чойном - ( 1936-1979 ) - ийн шүлэгт
Уйлган намрын бороотой өдөр
Уйтгарлан суунам би.
Усан хөшиг татаж
Цонх бас
уйтгарланам.
Өчигдөр модны навчис унасан.
Өөрөөс минь, сэтгэл зүрхнээс минь унаж байгаа юм шиг л
Навчис эргэлдэн унах нь хайран байв.
Нарны хэлтэрхийнүүд шиг шаргалтан унах нь хайран байв.
Тэгээд өнөөдөр нар алга байна.
Тэнгэр битүү бүрхсэн байна хэмээн шүлэглэсэн нь шууд
утгаараа бороо орсон уйтгартай өдөр байна гэж дүрсэлж байгаа боловч далд
утгаараа тухайн цаг үе, нийгмийн шалдар булдар байдал, хар бараан өдрүүдийг
бороогоор дүрслэн харуулжээ. Мөн Ванчинбалын Сүнвэйданзан - ( 1834-1898 ) -ий “Намарт гунив” шүлэгт
Намрын өвс цэнхэр бөгөөд намрын өвс хувхай
Намрын зул будангүй болоод намрын шөнө урт.
Намрын гэгээвчид өнгийн үзвээс намар юунаа төгсөх,
Намрын хур, намрын салхинаа үнэхээр юутай гунигтай хэмээн Монгол нутгийн
намрын улирлыг дүрслэн харуулсан боловч, намрын улирлаар төлөөлүүлэн өөрийн
дотоод сэтгэлийн өчил, тухайн нийгмийн өнгө аясыг дүрслэн үзүүлсэн байна.
Яруу найраг шүлэг
гэдэг хоёр үг ерөнхийдөө ижил утгатай. Шүлэг нь эртний Энэтхэг-Европ язгуурын
“школа” гэсэн үг бөгөөд энэхүү үг гунигийг илтгэдэг гэж судлаачид тогтоосон. Зохиолчид
эмзэглэлээ уран яруу үгээр дүрслэн үзүүлэхийг яруу найраг ч гэж болно. Алс
Дорнодын хэллэгээр “ Ши ” хэмээх нэр томьёо бий. Уран зураг, хөгжимөөр
илэрхийлэх боломжгүй далд дүрслэлийг үзүүлдэг. Өөрөөр хэлбэл эргэцүүлэл,
мэдрэмж, сэтгэгдэл гэх мэт хүний сэтгэлүйн дотоод ертөнцийн гаргаж буй
илэрхийллийг төгс зохицлоо олсон үгээр илэрхийлэх нь яруу найргийн үндсэн шинж
юм. Яруу найраг гэдэг зүгээр нэг гүйлгээд харчихдаг зүйл биш. Дахин дахин
уншиж, цаад утгыг нь мэдэрч, мэдэрсэн зүйл нь хэзээд нэгэн янзаараа оршдоггүй,
унших бүрт өөр өөр сэдэл сэтгэгдэл төрүүлж байдаг уран зохиолын төрөл юм. Шүлгийг
зүрх сэтгэлийн угаас мэдэрч, уянгалуулан уншиж чадах юм бол зохиолчийн хэлэх
санаа, дүр дүрслэл, хүйтэн халуун, хүнд хэцүү аль ч цаг үед нэвчин орж чадна.
Шимтэн уншиж ойлгоно гэдэг яруу найргийг төгс утгаар нь бүтээлцэж буй хэлбэр
юм. Монголын яруу найргын гол төлөөлөгч Дулдуйтын Данзанравжаа, Содномбалжирын
Буяннэмэх, Цэндийн Дамдинсүрэн, Дашдоржийн Нацагдорж, Бэгзийн Явуухулан,
Нямбуугийн Нямдорж тэргүүтэй зохиолчдыг онцолж болно. Зөвхөн яруу найраг ч
гэлтгүй уран зохиолын бүхий л төрөлд эдгээр зохиолчдыг онцолдог билээ. Эдгээр
зохиолчдыг яруу найргийг шимтэн уншвал Монголын яруу найргийн эхлэл, үндэс
суурийг харж болно. Түүнээс улбаалан Монголын яруу найргын хөгжлийг ч
тодорхойлох боломжтой.
Уран зохиолын бас нэгэн нийтлэг хэлбэр бол өгүүллэг ( үгүүллэг ) юм. Өгүүллэг гэдэг үгийн язгуур нь “ Үг ”
төдийгүй үгээр бүтээгддэг урлаг гэж хэлж болно. “ Үглэх ”, “ Өгүүлэх ( үгүүлэх ) ” гэсэн ярианы утга бүхий үйл үгнээс “ Үглэл
”, “ Өгүүлэл ” гэсэн нэр томьёо үүсдэг. Өгүүллэг бичихэд яруу найргын дараа
орохуйц нарийн ур хийц шаардагддаг. Америкийн нэрт зохиолч, Нобелийн шагналт,
романий эцэг хэмээн нэрлэгддэг Уильям Фолкнер “ Өгүүллэг бичих дүр суугаагүй
хүн роман туурвиж чаддаггүй ” гэж хэлсэн нь өгүүллэг нь уран зохиолын
төрлүүдээс яруу найргын дараа орох хоёрдогч гол хэлбэр болохийн илрэл юм. Хэд
хэдэн өгүүллэг нийцэлдэж байж роман бүтдэг ч тохиолдол бий. Жишээ татвал XX-р зууны аугаа их роман “ Зуун жилийн ганцаардал ” нь
анхандаа Габриель Гарсиа Маркес хэмээх сэтгүүлчийн тэрлэсэн хэсэг өгүүллэгүүд
байсан. Тэдгээр өгүүллэг нийлж зуун дамжсан гайхалтай роман болж чаджээ.
Өгүүллэг романыг бодвол тодорхой хүрээн дотор зохиогддог учраас үйл явдал олон
байдаггүй. Ихэвчлэн хоёр үйл явдал гардаг төдийгүй үүнээс шалтгаалан дүр ч мөн
цөөхөн байдаг. Өгүүллэгийн илэрхийлэх
гол зүйл нь дүр. Уран зохиол угтаа хүний мөн чанарын асуудлыг дүрээр
хөндөн үзүүлдэг сэтгэлгээний урлаг. Дүрээр амьдралын нэг хэсгийг тусган
харуулж, зөрчил болоод зохиолчийн хүргэх санааг уран дүрслэлтэйгээр хүлээн
авдаг. Өгүүллэгийн дүр хэдий чинээ амьд байна, төдий чинээ зохиол амьдарч хүний
сэтгэлд хүрч чадна. Уран зохиолын төрлүүдээс
хамгийн нарийн мэдрэмж, баатраа зурах чадвар шаарддаг нь өгүүллэг хэмээн үзэж
болно. Бүрэн хэмжээний өгүүллэг 7000 - 9000 үгийн хооронд хэлбэлзэж байвал
зохистой гэж заасан байдаг ч одоо цагт үгийн тоо заахаа больж утга санаагаа л
илэрхийлж байвал өгүүллэг гэж тооцох болжээ. Чехов өгүүллэг бичих нууцаасаа
хуваалцахдаа “ Хүндийн төв нь эрэгтэй, эмэгтэй хоёрхон л хүн байх ёстой ” гэсэн
байдаг. Үүнээс үзэхэд өгүүллэг хэт их
нуршсан бус, товч тодорхой, өгүүлэх санаа төгс бөгөөд цөөн байхад л хангалттай
юм. Өгүүллэгийн хамгийн чухал гол шинж нь “ Хүний амьдралын нэг л хэсэг, нэг л
зөрчил ”. Энэ тодорхойлолтонд тулгуурлан өгүүллэгийн шалгуур шинжийг илэрхийлж
болно. Монголын өгүүллийн гол төлөөлөгчид Дашдоржийн Нацагдорж, Сэнгийн Эрдэнэ,
Бямбын Ренчин, Донровийн Намдаг тэргүүтэй зохиолчдыг дурьдаж болно. Монголын
уран зохиол тэр дундаа өгүүллэг сонирхдог хүн бүрийн мэддэг өгүүллэг нь яахын
аргагүй Дашдоржийн Нацагдоржийн Ламбугайн нулимс, Хөдөө талын үзэсгэлэн,
Сэнгийн Эрдэний Хулан бид хоёр, Хулан Цамба хоёр, Донровийн Намдагийн
Үрэгдсэнийг хүлээгч гэх өгүүллэгүүд
байдаг. Эдгээр нь өгүүллэгт тавигдах шаардлага, зохиолын утга санаа, зохиолчийг
хүргэх санаа, уран дүр дүрслэл бүгд нягт шингэсэн байдаг. Дахин дахин уншсан ч хэзээд сэтгэлийн яруу утсыг
хөндөж чаддаг. Дүрүүдийн хоорондийн зөрчилдөөн, түүнээс гарах үр дагаварыг
тусган харуулж, уншигчдад хүргэх санаа нь биелэлээ олж, гуних гутрах, баярлах,
инээх гээд аль ч түвшиний сэтгэл хөдлөлийг мэдрүүлж чадах гайхалтай гэхэд ч
багдах өгүүллэгүүд юм.
Уран зохиолын бас нэг төрөл бол тууж. Тууж нь Монголын уран
зохиолд тодорхой хэмжээний байр суурийг эзэлдэг. Гэтэл барууны уран зохиолд энэ
хэллэг огт байдаггүй. Тууж, өгүүллэг хоёрыг нэг төрөл болгон үзэх тал байдаг.
Монголын зохиолчдын дунд туужийг тодорхойлсон оновчтой тодорхойлолт ерөнхийдөө
байдаггүй. Шинэ үеийн утга зохиолыг үндэслэгчийн нэг, уран зохиолчын онолч
С.Буяннэмэх (
1901-1937 ) “... ихдээ хэдэн арван дэвтэрт багтаах буюу бага нь нэг хоёр бяцхан
дэвтэрээр төгсөх болно ” гэж туужийг тодорхойлсон байдаг. Өгүүллэг тууж хоёр их
бага хэмжээний хувьд ялгаатай. Тууж нь өгүүллэгийг бодвол харьцангүй том
хэмжээний бичлэгийн төрөл юм. Тийм учраас дүр дүрслэл, үйл явдлын хувьд ч
далайцтай байх нь ойлгомжтой.
Уран зохиол гэдэг зүгээр л суурь боловсролын
хүрээнд судлаад өнгөрөх хичээл бус, хүн төрөлхтний хөгжлийн явцад үргэлж хамт
оршин байдаг нэгэн төрлийн түүхийн бичээс юм. Өнөөгийн энэ нийгэмд хэзээ ч
таниас урваж үл чадах, үнэнч хань нөхөр чинь болох, үүрдийн, ирээдүй хойд
насанд ч таниас хэзээ ч салашгүй үнэт эрдэнэ тань ганцхан ном гэдэгт та
итгээрэй. Энэ хорвоод төрүүлж өсгөсөн, ачит ээжийн тань дараа орох асрал
нигүүлсэл хайрын дээд нь уран зохиол ба ном юм. Ээжийгээ хайрлахын дайтай
хайрлаж явбал номын ач буян хэзээд түших болно. Хүмүүсийг ажиглаад байхад дэлхийн
сонгодог уран зохиол гэж хошуурах нь элбэг болжээ. Гэвч тэд Монголын уран
зохиолын гайхамшигт бүтээлүүдийг уншиж, судалж, мэдэрч чадсан байдаг болов уу?
Хэрвээ уншсан бол дэлхийн сонгодог гэж хошуурах нь юу л бол. Дэлхийн уран
зохиолын түвшинд аль хэдийнээ Монголын уран зохиол хүрчихсэн энэ тэнцүүхэн
бичилцэж яваа. “ Айлаас ирэхээр авдараа ух ” гэдэг ардын зүйр үг юутай үнэн үг
вэ? Монголын сор бүтээлүүдээ уншиж, судалж байж дэлхийн зохиолыг уншвал
Монголын уран зохиолоор бахархах сэтгэл төрөхгүй байхын аргагүй бизээ. Зарим
зохиолыг уншаад үзэхэд он тооллийн хувьд дэлхийн сонгодог зохиолуудаас өмнө нь
бичигдсэн уран санаа, дүрслэл байх жишээтэй. Уран зохиолчдын мэдлэг боловсрол,
уран сэтгэмжээр төрөн гарах зохиол болгон давтагдашгүй байдаг ч үйл явдал,
дүрслэл нь адил төстэй тал ажиглагддаг. Тиймд Монгол хэлт уран зохиол дэлхийн
уран зохиолоос илүү эрт хөгжил нь эхэлж, түүх болоод аж байдлын тод жишээ
болдог, уншигчдын өвөрмөц дүр дүрслэлд амьдруулж чаддаг нэг ёсны “ Аугаа бичвэр
” гэдэгтэй санал нэг байх бизээ.
2015.04.07
No comments:
Post a Comment