title

Мэдээ, нийтлэл, сурвалжлага, ярилцлага...

Saturday, April 18, 2015

Сэнгийн Эрдэнийн ертөнц

Хэнтийн уулсын хоорондох Сэрүүн Галттай хэмээх тэнүүн сайхан хөндийн хүү Сэнгийн Эрдэнэ монголын уран зохиолд “ Амьдралын үнэн” – ий тухай бичдэг цөөхөн зохиолчдын аугаа том төлөөлөгч юм. Тэрээр ихэвчлэн өгүүллэг, туужийн төрлөөр зохиолоо бичдэг байсан бөгөөд уншигчид “ Хулан бид хоёр ”, “ Хулан Цамба хоёр ”, “ Илүү гэр ”, “ Өдрийн од ” зэрэг зохиолуудыг нь сайн мэднэ. Зохиолын дүрүүдийн хувьд ихэнхдээ бүсгүйчүүд байдаг ба тэдгээр дүрүүдээрээ уншигч олны сэтгэлийг хөдөлгөж, зохиолыг шимтэн унших хүслийг төрүүлдэг байжээ. “ Хонгор зул (1961) ” номонд өөрийн намтарыг бичихдээ “ ...Хожим романтик гэдгийн учрыг ойлгосон хойноо өөрийгөө угаас тийм араншинтай гэж бодох болсон билээ.”  гэж бичсэн нь зохиолууд нь ихэвчлэн хайр дурлалын сэдэлтэй байдгын шалтгаан биз ээ.
 “ Сайхан ном, гунигт бадаг ” хэмээх дурьтгалд бага насаа дурсан бичихдээ “ Би хуучин монгол бичиг сурмагц эхлээд Жюль Верний “ Арван таван наст ахмад ” – ыг, дараа нь Николай Островский “ Болд хэрхэн хатаагдсан ” – ыг уншсан юм. Энэ хоёр ном миний сэтгэл санааг нэг л өөр болгож билээ. Хүний тэмүүллийн яруу сайхныг болоод бадрангүй зориг, шудрага үйлсийн үлгэр жишээ болгосон энэ хоёр номыг анхлан уншсан минь аз болжээ. “ Номхон далайн их шуурган дунд ”, “ Плигрим ” хөлгийн жолоог барьж яваа Дик хөвгүүн юмуу, Украйны Днепр мөрний шадар хувьсгалын улаан тугийн дор хуй салхи шиг давхиж яваа Павел Корчиганы хойноос одох ёстой боллоо. ” гэж бичсэн байдаг. С. Эрднэ Павел Корчиганы замаар явахсан гэж Д. Сүхбаатарын нэрэмжит офицерын сургуульд орсон байна. Тэнд сурч байхдаа М.Горькийн “ Изергил эмгэн ”, “Макара Чудра”  зэрэг зохиолын амтанд орж, Г. Мопассан, А. Чеховын өгүүллэгүүдтэй танилцжээ. Энэ бүхэн нь хатуу бэрхийг үл хайхран урагш тэмүүлэх зориг, хөдөлмөрийн төлөө зүтгэх хүсэл, аливаа дүрийг урнаар илэрхийлэх, сэтгэлийг уудлан үзүүлэх чадварт суралцсан байна. С. Эрдэнэ эхлээд яруу найрагт хүчээ сорьж, мөн өгүүллэг бичих болсон байна. Түүний яруу найргууд уншигчид тийм ч таатай санагдаагүй ч, өгүүллэгүүд нь амжилт олжээ. Зохиолч Б. Бааст  түүний өгүүллэгийн түүвэр “ Хонгор зул (1961) ” номын хянах ажлыг гүйцэтгэсэн бөгөөд бичсэн оршилдоо “ Сүүлийн арван жилийн дотор манай уран зохиолын алтан фонд болсон билэг төгөлдөр олон залуу зохиолчид гарч ирлээ. Энэ талаар Ц. Гайтав. Б. Явуухулан, Л. Түдэв, Д. Мягмар, Д. Пүрэвдорж, Н. Нямдорж, С. Эрдэнэ, С. Дашдооров, М. Цэдэндорж нарыг баярлан нэрлэж байна...  ...Нөхөр С. Эрдэнэ номоо миний өмнө авчирч тавихдаа “ Үүнийг уншаад сэтгэлд чинь таарвал хэдэн мөр үг тавьж өгөөрэй ” гэсэн юм. Тиймээ, түүний уран бүтээлтэй миний сэтгэл таардаг. ...Тэгээд би       С. Эрдэнээгийн энэ номд орсон бүх зохиолыг дахин хичээнгүйлэн уншлаа. Уншин уншсаар төгсгөхдөө зохиолчийг би яахын аргагүй хүний сайхан сэтгэлийн дууч, хүний энэрэн хайрлахын тулд чаддаг мэддэг бүхнээ зориулагч, цаашдаа ч зориулах хүн гэдэг дүгнэлтийг хамгийн түрүүнд гаргалаа. ” хэмээн бичжээ. Сайн зохиол бол уншигч хэний ч сэтгэлийг хөдөлгөж, амьдралын зөвлөгч нь, багш нь болж хувирдаг. Түүний бүтээл нь эх орон, ард түмнийхээ хувь заяатай амин холбоотой байдаг. Учир нь ямар ч зохиолын баатрыг санаанаасаа тааж бичдэггүй, ямагт олон түмний амьдралын гүн дотроос шүүн тунгааж бичдэг онцлогтой. Ийм учраас л тэрээр өдийг хүртэл монголын уран зохиолд нэр нь цуйрайтсаар явна. Түүний ертөнц, түүний бүтээл нь эгэл амьдралын шантрашгүй үнэн гэдэгт оршино.

                                                                                                 2015.04.10

No comments:

Post a Comment