title

Мэдээ, нийтлэл, сурвалжлага, ярилцлага...

Wednesday, April 8, 2015

ЭГЭЛ ХҮНИЙ ЭРХЭМ БАХАРХАЛ

Ярилцлага                    

Н.Баасандорж: Би тоононд өлгөсөн шар тосыг “унаад ирээсэй” гэж хүлээсээр турж үхдэг ламтай адилхан үлдэхийг хүсэхгүй байна.
 Баасандорж гэдэг нэр таньд тийм ч танил биш байгаа байх. Харин төв шуудангийн хажууд ном зардаг хүн гэвэл мэдэхгүй хүн бараг л байхгүй ээ. Тэрбээр номтой амьдралаа холбож, олон жил номын буянг түгээж яваа хүн юм. Миний блогийг сонирхон уншигч та бүхэндээ Н.Баасандоржтой уулзаж ярилцсанаа хүргэж байна.
-Та өөрийгөө танилцуулаач...?
- Намайг Нацагдоржийн Баасандорж гэдэг. Манай өвөг дээдэс Архангай аймгийн Хайрхан суманд амьдарч байсан. Би хорин таван жил ном зарж амьдарч байна.
            -Анх номтой яаж нөхөрлөв?
-Ер нь нэгдүгээр ангийн цагаан толгойн баяраа тэмдэглэж байхдаа л номтой холбогдсон хүн шүү дээ. Түүнээс хойш номын сайн нөхөр болсон. Тухайн үедээ Нацагдоржийн нэрэмжит тэмдэгтэн болж байсан. Тэгээд бас нэг сайхан нь залуу жанжин Лхагвасүрэнгээс гарынх нь үсэгтэй номыг “Цагаан толгойн баяр”-аар хүлээж авч байсан. Тэрнээс хойш л номтой нөхөрлөсөн дөө.
-Хүнд номын багш гэж байдаг шүү дээ.Таны номын багш ямар хүн байсан бэ?

Бурханы оронд заларсан миний эмээ


 Балчирхан байж дээ би. Цэцэрлэгийн хүйтэн шатан дээр суучихаад “Эмээ намайг аваарай” гээд хашгичин уйлдаг байснаа тод санаж байна. Энэ нь эмээгийн хайртай охин байсны илрэл юм даа. Цэцэрлэгт явах хичнээн дургүй гээч. Эмээтэйгээ л гэртээ дуугаа дуулж эрхлэх дуртай.
“Алаг хоёр нүдэндээ
Аяга дүүрэн нулимстай"гэж хоёр аяга барьчихаад эмээгийнхээ заасан дууг хамт дуулах хамгийн жаргалтай үе байж дээ. Тэр дуугаа дуулах гэж дандаа л аяга барьж гүйнэ. Эмээ минь их сайхан хоолойтой. Дандаа уртын дуу аялна. Би ч сонсох их дуртай. Эмээг дуурайгаад дуулахаар “Битгий гонгиноод бай, муу ёр” хэмээн загнуулна. Бодвол би эмээ шиг ээ уртын дуу дуулж чаддаггүй болохоор тэр биз.
Шагнал урамшуулал аваад ирэхээр хамгийн түрүүнд эмээ минь л мялаана. Авдрынхаа түлхүүрийг цүнхнээсээ гаргаж, онгойлгоод хамгийн гоё чихрээ өгч хацар дээр минь үнсэнэ. Авсан медалийг минь улсын аваргын медаль шиг гэрийн хойморт өлгөчихнө. Эмээгийн чихэрт үргэлж л авдрын амт орчихсон байдаг сан. Тэр үедээ голж голж л иднэ. Тэгсэн мөртлөө авдраа онгойлгоход нь авах ёстой юм шиг урд нь очоод суучихна. Эмээ “Байхгүй ээ байхгүй, юу байдаг юм” гэснээ чихэр атгаад л өгнө. Эмээ энэ тэнд  их “жоортой”. Энд ч нэг жимс, тэнд ч нэг ундаа жүүс. Заримдаа өөрөө ч хаана хийснээ мартчихна.Дараа нь хайх хэрэг их л гардаг даа.