Монгол улсын “Ирээдүй” нь “Хүүхэд” гэж хүн бүр санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрнө. Харин хүүхдийн эрх өнөөгийн нийгэмд хэрхэн хэрэгжиж байна вэ? Одоо цагт хүүхдийн нийгмийн оролцоо нэмэгдэн, авъяас чадвараараа дэлхий дахинд өрсөлдөн, Монгол улсын нэрийг дэлхий дахинд цуурайтуулсаар байна. Гэхдээ зарим нь энэ нийгмийн золиос болж, хүсээгүй амьдралдаа амьдарсаар л...Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлын 2-т хүүхэд эрүүл мэнд өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, хүчирхийллээс ангид байх эрхтэй. Хүүхдийг хувцас, хоол хүнс, орон байр, ахуйн хэрэгслэлээр санаатай гачигдуулах, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсээр хангахыг хориглоно. 5 дугаар зүйлын 3-т хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулсан,
тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай саналаа илэрхийлэх эрхтэй гэж хуулиндаа заасан. Хүүхдүүдийн хэдэн хувь нь энэ эрхийг эдэлж, аюулгүй таатай орчинд сурч боловсрон амьдарч байгаа нь нууц биш. Бидний нэрлэж заншсанаар боломжтой гэх тодотголтлой айл өрхийн хүүхдүүд л эрхээ эдэлж амьдарч байна. Харин энэ нийгэмд боломжтой айлаас боломжгүй айл өрхийн тоо хэд дахин ихсэж хүүхдээ тэжээн тэтгэх нь байтугай өөрсдөө тэжээлгэх хандлага олширч байна. Үндэсний статистикийн газраас 2013 онд явуулсан судалгаагаар 5-17 насны 68580 хүүхэд хөдөлмөр эрхэлж байна гэсэн дүгнэлт гарсан.
Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 41,4 хувь нь сургууль завсардсан 2,3 хувь нь огт суралцаагүй байна. Сурах хүсэл эрмэлзэл байв ч дарамт шахалт, өлсөж цангахын хэрээр ажиллахаас ч өөр арга байдаггүй. Ядуу тарчиг амьдралын эрхээр өвчтэй зовлонтой, архичин аав, ээжийнхээ өмнөөс дэндүү эрт хөдөлмөрлөж жаахан биендээ дааж барахгүй ачаа үүрдэг. Хүүхдийн хууль бус хөдөлмөрийг аль ч газраас хэдхэн алхамын зайтай харж болно. Хэтрүүлэн хэлсэх мэт санагдах боловч үнэн нүүр нь хэний ч нүдэн дээр илт. Гудамжинд янз бүрийн бараа зардаг, зах дээр тэрэг түрдэг, бараа зөөдөг, гутал тосолдог, гар аргаар алт олборлодог, гуйлга гуйдаг гээд тэдний ажиллахгүй ажил байхгүй. Хөдөөд хөвгүүдийг сургууль завсардуулж сургуулиас хөндийрүүлэх хандлага давамгайлж, мал аж ахуйн салбарт 15-18 насны хөвгүүд гол ажиллах хүч болдог. Үүнээс үзэхэд хүүхдийн эрх ахуйн хүрээнд буюу эцэг эхийн гар дээр хамгийн их зөрчигдөж байна. Тэдний хөдөлмөрийн сөрөг үр дагавараас болж ямар нэг зүйл дохиолдход хүүхдийнхээ эрхийг өөрөө ч мэдэлгүй зөрчсөөр байж төр засагт хамаг буруугаа өгч миний хүүхдийн эрх зөрчигдөж байна хэмээн буруугаа хүлээдэггүй. Үүнд хариуцлага тооцдог байгууллага ч алга. Хүүхэд өвдөхөд эцэг эх нь хайхрамжгүй ханддагаас болж өвчин нь даамжирч, цаашлаад хүндэрч өвдөн шаналдаг. Уг нь 5 дугаар зүйлын 4-т хүүхэд төрөөс эмнэлгийн тусламж авах, тэтгэвэр тэтгэмж, асрамж, халамж хүртэх эрхтэй. Хүүхэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, дархлаажуулалт болон эрүүл мэндийн даатгалд заавал хамрагдана гэж заасан боловч тэд эрхээ эдэлж чадахгүй байна. Харин гадаад оронд бол тэд хүүхдээ гэмтээснийхээ төлөө ял авах ч тохиолдол байдаг бол цаашлаад эцэг эх байх эрхийг нь хүртэл хасах тохиолдлууд цөөнгүй бий. Мөн 7 дугаар зүйлын 4-т Хүүхдийг гэмт хэрэг, эрх зүйн зөрчил, хүчирхийлэл, мөрийтэй тоглоом, садар самуун, насанд хүрэгчдийн хоорондын аливаа зөрчил, архи,тамхи, мансууруулах болон хордуулах бодис хэрэглэхэд татан оруулах; доромжлох, басамжлах, гүтгэх, хүчирхийлэх, хулгайлах, барьцаанд авах, худалдах; дамжуулан худалдах, боолчлох буюу түүнтэй адилтгах нөхцөлд байлгах, санаатай солих, хаях, төөрүүлэх; тарчлаан зовоох, тагнуул, хорлон сүйтгэх ажиллагаанд ашиглах, бага насанд нь сүй тавьж албадан гэрлүүлэх; хууль бусаар үрчлэх, хорьж цагдах, гадаадад авч гарах, гадаадаас оруулж ирэхийг хориглоно гэж заажээ. Хэдхэн жилийн өмнө гудамжинд гуйлга гуйж, тэнүүчлэн амьдардаг хүүхэд олон байсныг санах хэрэгтэй. Харин одоо тэдний тоо цөөрч хааяа л нэг харагддаг. Тэд хайчсан бэ? Олон нийтийн сүлжээгээр өдөр тутам л харсан хүн байна уу? гэсэн зарлал тавигддаг. Эх орондоо сайн сайхан сурч боловсрох үедээ хаана юу хийж яваа нь нууц хэвээрээ л үлддэг. Хохирогчидийн тоог нэмэгдүүлэхгүй байх тал дээр арга хэмжээ авдаг ч хараахан тусгалаа олдоггүй бололтой. Хэзээ хүүхдийн хөдөлмөр эцэслэж, эрхээ эдэлж, инээд хөөрөөр дүүрэн, сурч боловсорч, эцэг эхийн хайраар бялхан амьдрах вэ? Хуулинд заасан заалтыг хэрхэн биелүүлдэг болох вэ? Хуулийг нь зөрчлөө гээд хариуцлага хүлээлгэх нийгэм байх ёстой боловч монголын хууль гурван өдөр гэдэг шиг л хэрэгждэг нь туйлын харамсалтай. Хорвоо дэлхий дээр хайр гуйн, хайрлуулах гэж ирдэг бяцхан нандин үрсээ эд мөнгөөр бялхаах бус хайр халамжаар дээдэлж амьдрах нь энэ насны тань эгэлгүй буян гэлтэй.
No comments:
Post a Comment