title

Мэдээ, нийтлэл, сурвалжлага, ярилцлага...

Wednesday, April 8, 2015

ЭГЭЛ ХҮНИЙ ЭРХЭМ БАХАРХАЛ

Ярилцлага                    

Н.Баасандорж: Би тоононд өлгөсөн шар тосыг “унаад ирээсэй” гэж хүлээсээр турж үхдэг ламтай адилхан үлдэхийг хүсэхгүй байна.
 Баасандорж гэдэг нэр таньд тийм ч танил биш байгаа байх. Харин төв шуудангийн хажууд ном зардаг хүн гэвэл мэдэхгүй хүн бараг л байхгүй ээ. Тэрбээр номтой амьдралаа холбож, олон жил номын буянг түгээж яваа хүн юм. Миний блогийг сонирхон уншигч та бүхэндээ Н.Баасандоржтой уулзаж ярилцсанаа хүргэж байна.
-Та өөрийгөө танилцуулаач...?
- Намайг Нацагдоржийн Баасандорж гэдэг. Манай өвөг дээдэс Архангай аймгийн Хайрхан суманд амьдарч байсан. Би хорин таван жил ном зарж амьдарч байна.
            -Анх номтой яаж нөхөрлөв?
-Ер нь нэгдүгээр ангийн цагаан толгойн баяраа тэмдэглэж байхдаа л номтой холбогдсон хүн шүү дээ. Түүнээс хойш номын сайн нөхөр болсон. Тухайн үедээ Нацагдоржийн нэрэмжит тэмдэгтэн болж байсан. Тэгээд бас нэг сайхан нь залуу жанжин Лхагвасүрэнгээс гарынх нь үсэгтэй номыг “Цагаан толгойн баяр”-аар хүлээж авч байсан. Тэрнээс хойш л номтой нөхөрлөсөн дөө.
-Хүнд номын багш гэж байдаг шүү дээ.Таны номын багш ямар хүн байсан бэ?
- Номын багш... Номын багш гэвэл ер нь л эрдэмтэн мэргэд, өвөг дээдэс маань, миний аав, цагаан толгой зааж өгсөн “Өндөр” хэмээгдэх цагаан Долгоржав багш минь байна даа.
-Хүнд хамгийн эрхэм нандин хүн  аав нь байдаг. Аавынхаа талаар дурсахгүй юу?
-Миний аав ах дүү арван хүүхдийг бүгдийг ижил төгс хүмүүжүүлэхдээ оньсого таавар, үлгэр, домог, шог хошин яриа, ер нь монгол ардын аман сургаалаар хүмүүжүүлж, дэггүйтсэн үед маань гашуун үгээр шоглодог байсан. Тэр бүгд л цаад утга агуулгаараа “тэгж, ингэж болдоггүй юм шүү” гэсэн хүмүүжлийг бидэнд өгч байсан даа. Тийм л хүн байсан.
- Хажуугаар тань явах болгонд дээл өмссөн харагддаг. Та хэр эх оронч үзэлтэй хүн бэ?
-Би эх оронч үзэлтэй хүн. Хүүхэд залуучуудаа зөв боловсон яриатай, гадаадын элдэв янзын хэллэг хэрэглэдэггүй байгаасай гэж боддог.  Хүүхдүүд маань болж л өгвөл ном сайн уншаасай, ахмадаа сайхан хүндлээсэй, тэгж гэмээ нь монгол эх орон, аялгуу сайхан  монгол хэл, газар шороо маань бүрэн бүтэн үлдэнэ. Хэдийгээр одоо газар шороогоо сэндийчиж байгаа ч гэсэн тэр эрдэнэсээс дутахгүй, монгол гэдэг нэр, цус, газар шороо  маань л  бидэнд  үлдвэл болох нь тэр. Тэгж л боддог. Тийм учраас би өөрийгөө эх оронч хүн гэж үздэг.
- Дээлийг тань хэн урлаж өгдөг вэ?
- Мэдээж хэрэг миний эхнэр. Хамгийн анх эхнэр маань 1991 онд ээжийг маань амьд сэрүүн байхад ээжтэй минь хамт дээл хийж өгсөн. Түүнээс хойш миний эхнэр ээжийг маань дагаж явсаар дээл хийдэг болсон доо. Одоо энэ өмсөж байгаа бүх хувцсыг эхнэр маань урладаг.
-Хүнд багын дурсамж байдаг. Та ер нь багадаа ямар хүүхэд байв. Сахилгагүй байв уу?
- “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэдэг мэргэн үг байдаг шүү дээ. Манай удмынхан ер нь тийм эх оронч сэтгэлгээтэй, сайн хүмүүс байсан гэдэг юм. Миний энэ хүмүүжил бол удмын хүмүүжил. Хүнтэй харилцаж чадна, эх орноо хайрлаж чадна, эхнэрээ, үр хүүхдээ хайрлаж, хүмүүжүүлж чадна.
-Багын мөрөөдөл гэж байдаг шүү дээ. Ямар хүн болно гэж боддог байсан бэ?
-Залуу жанжин Лхагвасүрэнгээс номоо авснаасаа хойш миний бодолд утга зохиолын багш болно доо гэсэн мөрөөдөл байсан. Гэвч амьдралын шаардлагаар трактор комбайны жолооч буюу техникийн хүн болсон доо.
-Ном уншдаг хүнд өөрийн гэсэн хайртай ном байдаг шүү дээ. Таны хувьд....
-Ер нь алтан үеийн зохиолчдын эх орноо гэсэн сэтгэлгээтэй бүх номнуудад би хайртай. “Минжий хангай”, “Оройгүй сүм” гэх мэт сайхан номнууд байдаг. Ер нь би ном голдоггүй л дээ.  Миний голдог ном гэвэл сүүлийн үеийн алаан хядаан, завхайралтай, эх зохиолыг хагас дутуу хуулбарласан зохиолууд. Тийм зохиолуудыг худалдах ч дургүй.
- Таны зарж байгаа номнууд таны цуглуулга уу? Номоо яаж олж авдаг вэ?
-Зарим нэг хүмүүс ном уншдаггүй юм, нүүж байна, дараа болж байна  гэх маягаар номнуудаа авчирч өгдөг. Тэгээд  ярилцаж хэлэлцээд худалдаж авна. Цуглуулганы номондоо гурван удаа хүрсэн. Одоо дөрөв дэхээ цуглуулж эхэлж байна. Одоогоор мянга гаруй ном байна даа.
- Мянга гаруй номноос хамгийн үнэтэй нь ямар ном вэ?
- 1936 онд Ренчин багшийн орчуулсан монгол бичгийн “Солвад баатар” гэдэг ном бий. Би өөрөө монгол бичиг муухан мэднэ. Тэр номыг л хэнд ч өгдөггүй юм даа.
 -Ам бүл хэдүүлээ вэ? Гэр бүлээ танилцуулаач.
- Ам бүл зургаа. Хоёр хүү маань эх орны хүү боллоо. Охин, бага хүү, эхнэртэйгээ дөрвүүлээ амьдарч байна.
- Охин Ариунхүслэн тань Таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол улсаа төлөөлөн алтан медаль авсан гэж би сонссон. Спортын замналд ороход таны нөлөө байв уу?
- Өвөг дээдсийн нөлөө юм даа. Биеэ хамгаалж сурах ёстой. Эр ч, бай эм ч бай ямар ч хүн дайсныгаа дайсан гэж үзэлгүй нөхөрлөх ёстой. Хэрвээ яг аминд тулсан нөхцөлд бол хоёр давааг даваад гурав дахь даваан дээр тэр хүний дээр гарах ёстой гэсэн үзэл баримтлал байдаг. Тийм учраас би хүүхдүүдээ том ч бай, жижиг ч  бай, бүгдэд нь аль болох биеэ хамгаалах боломжтой бүхнийг зааж өгөхийг хичээдэг дээ.
- Баасандоржийн Ариунхүслэн гээд дэлхийн давцанд нэрээ дуудуулаад медаль аваад ирэхэд таны сэтгэгдэл ямар байсан бэ?
- Огшсон шүү. Хоёр үе маань хэлмэгдсэн. Одоо тэрний дараахи үе нь өвөг эцгийгээ дэлхий дахинд овгоор нь  дуудуулна гэдэг бол миний хувьд маш том бахархал.
- Нүдэндээ нулимстай л байсан байхдаа.
- Тийм шүү. Хүүхэд чинь Хятадад “алтын” төлөө үзэж байна аа гэхэд тэр шөнөдөө унтаж чадахгүй бараг хоёр хоног дэн дунтай амьтан байсан. Эх нь ч мөн ялгаагүй. Оны өмнө олон улсаас дээд жиндээ ороод хүрэл медаль авсан. Бас л дэн дунтай байлаа. Охиноо улам хайрлах сэтгэл төрөөд, монгол хүн болсон доо л баярлаж байсан даа.
- Өдөрт ном зарахад ихэвчлэн ямар хүмүүс ирж ямар ямар ном асууж байна вэ?
- Янз бүрийн л ном асууж байна даа. Ихэнх нь Монголын түүх, монгол эрдэмтдийн бичсэн номнууд, алтан үеийнхний бичсэн уран зохиолын номнуудыг л их асууж байна. Мөнгө муутай ч ном их сонирхдог хүн байдаг шүү дээ. Зарим нэгэнд нь зээлээр өгөөд явуулчихдаг. Зарим нэг нь мөнгөө өгөөд аваад явдаг. Бүр мөнгөгүй хүн одоо, жишээ нь гудамжинд  юм цуглуулдаг хүмүүс, миний таньдаг нилээд хүүхдүүд бий. Тэд нар маань авч явж уншчихаад авчирч өгдөг.
- Хүмүүс ер нь миний бодлоор ном унших нь бага, бараг л уншдаггүй болчихсон. Интернэт гээд суучихдаг болсон. Тэр талаар та ямар бодолтой байдаг вэ?
- Интернэт, гар утсаар юм уншина, ойлгож авна гэх юм бол миний хувьд бол эсэргүүцдэг л дээ. Яагаад гэвэл анхны хэвлэлтэй номыг дахин хэвлэхдээ дотор талын агуулгыг алдаад хэвлэсэн байдаг. Интернэтэд долоон доор болгочихдог. Монгол хүнийг хятад хүн гэж болно шүү дээ. Интернэт бол чөлөөтэй ертөнц. Тархийг чинь угаах л асуудал даа. Интернэтээс мэдэж авах юм байлгүй л яахав. Бас муу хэлж болохгүй. Харин уран зохиолын номыг, монголын түүхийг интернэтээс олж мэднэ ээ гэвэл тэрнээс хол оо юм байхгүй.
- Таны хамгийн үнэтэй зарагдсан ямар ном байдаг вэ?
-Хамгийн сүүлд Ренчин багшийн “Алтайн аялгууны толь”  үнэтэй зарагдлаа даа. 1200 доллараар зарагдсан. Тэр долоон сард зарагдлаа.
-Тэр ном таны цуглуулга байв уу? Хаанаас олж авсан бэ?
- Надад хоёр ширхэг байсан нэгийг нь зарсан. Нэг нь миний цуглуулганд байна. Байлгаж байх ёстой юм болов уу даа. Үр хүүхдүүд маань бүрэн гүйцэт монгол бичиг сурсаны дараа, бас өвөг дээдсийнхээ урд нь хэлж байсан, ярилцаж байсан, уриалан дуудаж байсан тэр агуу сайхан хэллэгүүдийг мэдээсэй гэж бодсондоо хадгалж явна даа.
-Та хэр их шүтлэгтэй хүн бэ?
- Энэ дэлхийд байгаа хэд хэдэн шашны номыг бүгдийг нь уншсан. Би шүтлэгтэй. Гэхдээ би ээжийгээ шүтдэг. Аавыгаа удам угсаагаа ч дээдэлдэг.  Тийм учраас би дээд тэнгэрийн хуулийг үр хүүхдүүддээ захиж явдаг. Дээд тэнгэрийн хууль гэдэг нь эцгийн маань биднийг хүмүүжүүлж байсан оньсого, таавар, монгол ардын үлгэр, зүйр цэцэн үг, харилцан яриа, хошин шог өгүүллэгүүд тэр бүгдэд монгол ардын аман хууль байгаа. Тэр аман хууль маань дээд тэнгэрийн хууль. Тэр хуулиар л явах юм бол газрын хууль бол юу ч биш. Тэрнийг хэн ч зөрчихгүйгээр сайхан амьдарч явна даа л гэж хэлье.
- Монголын ирээдүй болсон хүүхдүүддээ та ямар үг хэлмээр байна вэ? Өөрийнхөө бодож явдаг үгнээсээ хуваалцаач.
- Ер нь эр нь эр гэхгүй, эм нь эм гэхгүй бие биенээ хайрлаж хүндэлдэг байгаасай. Настан буурлуудаа хүндлэж, тэднээсээ үгийг нь сонсдог болоосой. Гадаадын янз бүрийн цуврал кинонуудыг үзсэн ч тэрнээс сайныг аваад мууг нь хаядаг байгаасай. Ном их уншиж бас эх орноо хайрлаасай. Мөнгийг бурханчилж бүү бодоосой. Хүний бурхан бол эрүүл мэнд, аз жаргал, нэг нэгнийгээ хайрлах хайр гэдгийг ойлгоосой. Тийм учраас бурханлаг чанарыг шингээж яваасай гэж л хүснэ дээ.
- Ярилцсанд баярлалаа.
- Сайн сайхан бүхнийг хүсье.



No comments:

Post a Comment