Балчирхан байж дээ
би. Цэцэрлэгийн хүйтэн шатан дээр суучихаад “Эмээ намайг аваарай” гээд хашгичин
уйлдаг байснаа тод санаж байна. Энэ нь эмээгийн хайртай охин байсны илрэл юм даа.
Цэцэрлэгт явах хичнээн дургүй гээч. Эмээтэйгээ л гэртээ дуугаа дуулж эрхлэх
дуртай.
“Алаг хоёр нүдэндээ
Аяга дүүрэн нулимстай"гэж хоёр аяга барьчихаад
эмээгийнхээ заасан дууг хамт дуулах хамгийн жаргалтай үе байж дээ. Тэр дуугаа дуулах гэж дандаа л аяга барьж гүйнэ.
Эмээ минь их сайхан хоолойтой. Дандаа уртын дуу аялна. Би ч сонсох их дуртай. Эмээг
дуурайгаад дуулахаар “Битгий гонгиноод бай, муу ёр” хэмээн загнуулна. Бодвол би
эмээ шиг ээ уртын дуу дуулж чаддаггүй болохоор тэр биз.
Шагнал урамшуулал аваад ирэхээр хамгийн түрүүнд эмээ минь
л мялаана. Авдрынхаа түлхүүрийг цүнхнээсээ гаргаж, онгойлгоод хамгийн гоё чихрээ
өгч хацар дээр минь үнсэнэ. Авсан медалийг минь улсын аваргын медаль шиг гэрийн
хойморт өлгөчихнө. Эмээгийн чихэрт үргэлж л авдрын амт орчихсон байдаг сан. Тэр
үедээ голж голж л иднэ. Тэгсэн мөртлөө авдраа онгойлгоход нь авах ёстой юм шиг урд нь очоод суучихна. Эмээ “Байхгүй ээ байхгүй, юу байдаг юм” гэснээ чихэр
атгаад л өгнө. Эмээ энэ тэнд их “жоортой”.
Энд ч нэг жимс, тэнд ч нэг ундаа жүүс. Заримдаа өөрөө ч хаана хийснээ мартчихна.Дараа
нь хайх хэрэг их л гардаг даа.
Эмээ минь их ганган.
Саатай гялтганасан гоёл, хувцасанд дуртай гэж жигтэйхэн. Хүмүүс “Ямар ганган
эмээ вэ” гэж дандаа л хэлдэгсэн. Гадагшаа намайг дагуулж их явна аа. Нэг удаа
дэлгүүрт ороод: “Эмээ тэсэрдэг чихэр авъя” гэлээ. Эмээ “Ямар юм аа, дэлбэрдэг
чихэр гэж юу байсан юм” гээд бөөн инээдэм болж билээ. Өглөө бүр эрт босч дасгал
хийнэ. Эсвэл гарч алхана. Орондоо унтаж байгаа намайг “Залхуу нь дэндсэн хог” гэж сургаал айлдана даа. Би хариуд нь “Дандаа үглэх юм” гэж уурлана. “Би үглээгүй, та нарт хэрэгтэй юм хэлж байна”
гэж үргэлж л хэлнэ. Одоо бодоход дэндүү үнэтэй сургаал байж дээ. Гэрээс минь хэзээ ч арцны үнэр салдаггүй.
Эмээ минь өглөө бүр цайныхаа дээжийг бурхандаа өргөж үр хүүхдүүдээ даатган
залбирна. Цонхны гадна тал хэзээ ч арилахааргүй цайны толботой болж үлдсэн дээ.
Нэг өглөө ээж жижигхэн мөнгөний мод авчираад гэрт тавьчихлаа. Их гоё савтай, ногоороод гоё харагддаг байлаа. Эмээ их дуртай. Нэг өдөр эмээ урд нь зогсчихсон “Мод минь сайхан ургаарай” гээд залбирч байна. Үнэхээр л тэр мод сайхан ургаж навчнууд нь дэлгэрсээр л байгаа. Эмээгийн минь залбирлын хүч ч юм шиг. Бусад цэцэг нь ургахгүй байхад тэр цэцэг л сайхан ургадаг.
Үр хүүхэд, ач зээ нараа тойруулаад инээж хөхрөлдөх их дуртай. Жил бүрийн цагаан сарын шинийн нэгний орой бүгд цуглана. Ёстой л хөл толгой нь мэдэгдэхгүй олуулаа болно доо. Зассан тавагныхаа ардаас харагддаггүй эмээгийн минь нүдэнд тэр үед жаргал туяаран харагддаг.
Нэг өглөө ээж жижигхэн мөнгөний мод авчираад гэрт тавьчихлаа. Их гоё савтай, ногоороод гоё харагддаг байлаа. Эмээ их дуртай. Нэг өдөр эмээ урд нь зогсчихсон “Мод минь сайхан ургаарай” гээд залбирч байна. Үнэхээр л тэр мод сайхан ургаж навчнууд нь дэлгэрсээр л байгаа. Эмээгийн минь залбирлын хүч ч юм шиг. Бусад цэцэг нь ургахгүй байхад тэр цэцэг л сайхан ургадаг.
Үр хүүхэд, ач зээ нараа тойруулаад инээж хөхрөлдөх их дуртай. Жил бүрийн цагаан сарын шинийн нэгний орой бүгд цуглана. Ёстой л хөл толгой нь мэдэгдэхгүй олуулаа болно доо. Зассан тавагныхаа ардаас харагддаггүй эмээгийн минь нүдэнд тэр үед жаргал туяаран харагддаг.
Улаан үүтэн хуар дээлээ өмсөөд ягаан үүргэвч
үүрчихсэн явахад жоохон хүүхэд шиг хичнээн хөөрхөн харагдаг гээч. Нялх балчир
хүүхэд шиг чихэр жимсэнд дуртай, амархан гомдчихно. Өдөржингөө л гал тогоонд
аяга тавгаа өлтөртөл нь зүлгэнэ. Залуу хүн шиг л хурдан хөдөлгөөнтэй, “Алдарт
эхийн одонт”, ач буянтай, миний эмээ мундаг юм даа.
Жилийн өмнөөс эмээ минь
эмнэлгээс салахаа больсон юм. Гялалзсан эрүүл чийрэг эмээ минь эмнэлгээс
эмнэлэг дамжсаар сүүлд нь гэртээ ирлээ. Хөдлөх ч үгүй, ярих ч үгүй хэвтэж
байна. Би цай халбагадаж уулгахад эмээгийн над руу харсан харцыг би огтхон ч
мартдаггүй юм. “Тэвэрч аваад үнсээсэй” гэж бодсон байх даа. Тэгээд л би гараад
явчихсан. Тэр үед би эмээгээ “яваад өгчихнө” гэж огтхон ч бодоогүй. Өөрийгөө зэмлэх эсэхээ ч мэдэхээ больсон юм. Би анх удаа л
ойр дотны хүнээ алдаж холын замд нь гаргаж өгч байгаа минь тэр байлаа. Би уйлж
ээжийгээ эмзэглүүлэхийг хүсээгүй ч гомдол харууслын нулимсаа нүдэндээ багтааж
үл чадан хайрт эмээгийнхээ тэр л төрхийг нь зүрхэндээ шингээн асгартал уйлсан
юм. Бурханы орон руу эмээгээ нулимсаар үдэхийг хүсээгүй ч хайртай охиноо сургуулиа
төгсөөд хүссэн мэргэжлээрээ ажиллаж амжилт бүтээлээр дүүрэн явахыг харалгүй
явчихсанд гомдож харуусахын аль аль нь зүрхийг минь эмтрүүлж нулимс үл зогсоно.
Эмээгээ явуулах зам дэндүү урт байлаа. “Тэвэрч аваад үнсэх минь яавдаа” гэж
өөрийгөө өдий хүртэл зэмлэх юм. Нэг шөнө эмээ минь ганцхан л удаа зүүдэнд минь
ирсэн. “Буцаад ирчихсэн, хамт дуу дуулж байна” гэж зүүдэлсэн. Эмээ минь одоо бурханы
оронд байгаа. Үргэлж дээрээс минь харж бурханы дэргэд залран суугаа. Өглөө цайныхаа дээжийг өргөж, бурхандаа залбирч
эмээгээ шүтдэг. Миний амьдралын хамгийн
дээд ээжийн минь ээж ачтан буурал эмээ минь байлаа.
No comments:
Post a Comment